Зохиогч: RSBP MN
Хэвлэсэн он, сар, өдөр: 25-02-2022
Хандалт: Олон нийтийн

 

Дэлхий нийтээрээ КОВИД-19 цар тахлаас үүссэн хямралын нөлөөнд автан эдийн засгийн олон салбарууд хохирч, сөрөг үр дагаврууд тасрахгүй байна. Цар тахлын нөлөөгөөр Төв Азийн бүс нутгийн эдийн засаг 2020 онд 1.7 хувиар буурах төлөвтэй гарсан. Дэлхийн Банкны мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар бүс нутагт 1995 оноос хойш гарч байгаагүй эдийн засгийн уналт ажиглагдаж байна.[1] Улс орнуудын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоодын явуулсан судалгаагаар Төв Азийн ихэнх улс дахь аж ахуйн нэгжүүдийн 60-80 хувьд нь коронавирус хүчтэй нөлөөлжээ. [2] Үүний үр дагавраар бизнесүүдийн орлого буурч, дэлгүүрүүд хаалгаа барьж, нийлүүлэлтийн сүлжээ доголдоход хүрчээ.

Хямралын улмаас хувь хүн, бизнесийн байгууллага, ялангуяа бичил, жижиг, дунд бизнесүүд (БЖДБ)-ийн орлого буурч, хөрвөх чадвар суларснаас санхүүгийн байгууллагаас авсан зээлээ эргэн төлөхөд хүндрэлтэй байна. Эдгээр бизнесүүдийн хувьд санхүүгийн туслалцаа авалгүйгээр  хямралын өмнөх түвшиндээ хүрч сэргэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой болж байна. Энэхүү хямралын нөхцөл байдалд харилцагчидтайгаа харилцаагаа хэрхэн сайжруулж, тэдний нөхцөл байдал болон хэтийн төлвийг үнэлэх вэ? Мөн түүнчлэн, харилцагчдад хямралыг үр дүнтэйгээр давж, санхүүгийн байгууллагуудын хувьд хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлаар зээлээ эргэн төлөхөд нь дэм болохын тулд шинэ зээл олгох болон тэдний одоо байгаа зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг хэрхэн гаргах вэ? Энэхүү нийтлэлээр хямралын үед бизнесийн шинжилгээг хийж гүйцэтгэхэд анхаарал хандуулах гол зүйлсийн тухай зөвлөмжүүдийг хүргэж байна.

Бизнесийн үнэлгээг хийж гүйцэтгэх гол зорилго нь тухайн бизнесийн цаашдын хөгжлийн чиг хандлага болон бизнесийг хөгжүүлэхэд гарч болзошгүй сөрөг нөлөөллүүдийг тодорхойлоход оршдог. Бизнесийн санхүүгийн байдлын үнэлгээг чанартайгаар хийж гүйцэтгэх нь хямралын үеийн тогтворгүй орчинд улам илүү ач холбогдолтой болж байна. Хямралын өмнө авсан зээлээ хямралын үед эргэн төлж буй харилцагчдад тавих хяналтыг илүү сайжруулах, үүний сацуу шинэ зээл хүссэн харилцагчдын бизнест шинжилгээ хийж зээлийн чадамжийг үнэлэх нь бизнесүүдэд хямралыг даван туулахад туслах бөгөөд ингэснээр цаашлаад улс орны эдийн засагт ч хувь нэмэр болох юм.

Бизнесийн байгууллагууд, бизнес эрхлэгчид санхүүгийн хүндрэлтэй байдал (түр зуур төлбөрийн чадвар доройтох, дампууралд орох гэх мэт)-д орж буй энэ нөхцөлд тухайн харилцагчийг дэмжих хамгийн тохиромжтой аргыг тодорхойлох нь зээлийн шинжээчийн үүрэг юм. Уг дэмжлэг нь зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах, нэмэлт санхүүжилтээр хангах зэрэг олон хэлбэртэй байж болно.


Хямралын үед зээл олгоход хийх бизнесийн шинжилгээ нь тухайн бизнесийн санхүүгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвлөгөө, хөгжлийн хэтийн төлөв, эдийн засгийн өнөөгийн болон хүлээгдэж буй нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагад дасан зохицох чадвар зэргийг бодитоор үнэлэхэд чиглэдэг.  

Санхүүгийн байгууллага боломжит шинэ харилцагчидтай хамтран ажиллах эсвэл одоо байгаа харилцагчдаа дэмжин ажиллах аливаа зээлийн шийдвэрийг гаргахдаа зах зээл, макро эдийн засгийн үзүүлэлт, санхүүгийн тайлан, бизнесийн түүхэн болон ирээдүйн нөхцөл байдал зэрэгт цогц бизнесийн шинжилгээг хийж гүйцэтгэх ёстой. Бизнесийн шинжилгээ хийхэд тоон мэдээллэлд дүгнэлт хийхийн сацуу тухайн бизнесийн үйл явцыг бүрэн ойлгож, бизнес эзэмшигч/компанийн удирдлагын зүгээс хямралын эсрэг авч буй болон ирээдүйд авах арга хэмжээг үнэлэх нь маш чухал. 

Хөл хорионы улмаас худалдааны борлуулалт буурах, үйлдвэрлэл доголдох, тэр ч бүү хэл үйлдвэрлэлийн үйл явц бүхэлдээ зогсох тохиолдол ч гарч байгаа тул ашгийн төлөөх бизнесийн үйл ажиллагаа ихээхэн саатаж байна. Мөн түүнчлэн, бизнесийн ихэнх зардлууд хямралын өмнөх түвшнөөс буураагүй тул бизнесүүдийн хувьд санхүүгийн тэнцэл алдагдаж, тогтворгүй байдал үүсч байна.

Бизнес эрхлэгчдийн хямралд үзүүлэх хариу үйлдэл харилцан адилгүй. Тухайлбал, зарим бизнес эрхлэгчид айж сандарч, яарсан алхам хийж байхад зарим нэг нь хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, юу ч болоогүй мэт ажил, амьдралаа үргэлжлүүлсээр байвал асуудал өөрөө аяндаа шийдэгдэнэ гэсэн хандлагатай байна. Харин үлдсэн хэсэг нь нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, өөрсдийн бизнес хийгээд энэ цаг үеийг урагшлах боломж мэтээр харж, хувьсан өөрчлөгдөж буй орчныг өөрт ашигтайгаар эргүүлэх хамгийн боломжит аргуудыг эрэлхийлж байна. Ингэхдээ тэд ихэвчлэн зардлаа бууруулж, хөрвөх чадвар болон орлогын шинэ эх сурвалж (тухайлбал, зарим бизнес эрхлэгчид шинэлэг, илүү найдвартай бизнес рүү хөрвөж байхад зарим нь болзошгүй нөхцөл байдлын төлөвлөгөө гарган ажиллаж байна) бий болгохыг зорин ажиллаж байх жишээтэй. 

Бизнесийн шинжилгээ хийх үйл явцад зээлийн шинжээчид дараах сөрөг нөлөөллүүд ажиглагдаж болно: 

  • орлого багасах;
  • бизнесийн нэгж (борлуулалтын цэг, салбар)-үүдийн маржин багасах;
  • ашиг буурах (магадгүй алдагдалд орох);
  • хөрвөх чадвар буурах (эсвэл хөрвөх чадвар бүхий хөрөнгийн дутагдалд орох);
  • нийлүүлэлтийн удаашрал/нийлүүлэлтийн сүлжээний өөрчлөлт бий болох;
  • нийлүүлэлтийн сүлжээний доголдол үүсэх;
  • нийлүүлэгчидтэй харилцах харилцаа тасрах;
  • дансны өглөг (нийлүүлэгч болон зээлдүүлэгчид өгөх) нэмэгдэх. Мөн түүнчлэн, хямралын үед өр зээл шинээр нэмэгдвэл бүр ч анхаарал хандууштай;
  • дансны авлага нэмэгдэх (үйлчлүүлэгчид авлага төлөх хугацаагаа тогтмол хэтрүүлэх);
  • эргэлтийн хөрөнгө буурах;
  • санхүүжилт хомсдох;
  • үйлчлүүлэгчдээ алдах;
  • гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болох;
  • бусад. 

Эдгээр болон бусад олон сөрөг нөлөөлөл нь эцэстээ бизнесүүдийг хаалгаа барихад хүргэдэг. Гэхдээ асуудлыг өөр өнцгөөс авч үзье. Хямралын үед аливаа бизнес илүү уян хатан байж, шинэ нөхцөлд дасан зохицож, хямралыг даван туулах хамгийн зөв стратегийг сонгох хэрэгтэй. Тухайлбал:

  • хөрөнгө оруулалтын төслүүдээ багасгах;
  • ашиггүй үйлдвэрлэл/борлуулалтын цэгүүдийг хаах;
  • үндсэн бус хөрөнгүүдийг борлуулах;
  • зардлаа бууруулах (ялангуяа түрээс, цалин, зар сурталчилгаа, тээвэр гэх мэт тогтмол зардлууд);
  • бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг өөрчлөх;
  • шинэ зах зээлд нэвтрэх;
  • бизнесийн үйл ажиллагаагаа онлайн хэлбэр лүү шилжүүлэх;
  • нийлүүлэгч болон худалдан авагчтай хийсэн хэлцлүүдэд өөрчлөлт оруулах (төлбөр хөнгөлөх, таваараар наймаалцах гэх мэт);
  • хэмнэлт бий болгохын тулд төрөөс үзүүлэх бүх дэмжлэг, татварын хөнгөлөлтийг ашиглах;
  • бусад.

Дээр дурдсан хямралын үеийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийг даван туулах аргууд нь санхүүгийн байгууллагуудад эрсдэлийн шинжилгээ, үнэлгээний явцад  анхаарах шаардлагатай зүйлсийг харуулж байна. Асуудалд голчлон төвлөрөх бус, харин тухайн асуудлын даамжрах магадлал болон үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд бизнес эрхлэгчийн зүгээс авч буй тактик, стратегийн арга хэмжээ нь илүү чухал нөлөөтэй.

Хямралаас гарахын тулд бизнес эрхлэгч өөрийн багаа (бизнесийн хэмжээнээс хамаарч) удирдан, байгаа боломжуудыг судалж, өөрийн бизнес, зах зээл болон эдийн засгийн ерөнхий чиг хандлагад дүн шинжилгээ хийх замаар хариу арга хэмжээ авдаг. Үүнд зээлийн шинжээчийн үүрэг нь хямралын нөлөөг бууруулахад чиглэсэн арга хэмжээг тодорхойлж, үнэлгээ, дүгнэлт гаргах явдал юм. Тухайн компани “сандрал”-ын үеэсээ гарч чадалгүй ямар ч арга хэмжээ аваагүй тохиолдолд санхүүжилт олгох нь өндөр эрсдэл дагуулна гэдэг нь ойлгомжтой. Харин компани өөрөө идэвхи гарган тухайн нөхцөлд тохирсон үр дүнтэй арга хэмжээ авч, нөхцөл байдалд дасан зохицох аргуудыг эрэлхийлж, ирээдүйг бодитоор үнэлж дүгнэсэн тохиолдолд зээл олгоход эрсдэл багатай байна. Иймд зээлийн шинжээч нь  санхүүгийн үзүүлэлтүүдээс гадна тухайн компанийн бизнес эрхлэгч (удирдлага)-ийн авсан хариу арга хэмжээ, нөхцөл байдлын үнэлгээ, хямралыг даван туулах төлөвлөгөөнд анхаарахаас гадна энэхүү төвөвлөгөө нь бизнесийн бүтээмж, санхүүгийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлөхийг авч үзэх хэрэгтэй. Компани нь одоогоор ашигтай ажиллаж, зээлийн чадавхи сайн байж болох ч бизнес эрхлэгч/удирдлагын авах арга хэмжээ, эсвэл авч чадаагүй арга хэмжээ нь тухайн бизнесийг хэдхэн долоо хоног/сарын дотор зээлээ төлөх чадваргүй болгож ч болно. Иймд бизнес эрхлэгчийн төлөвлөгөө нь үр дүнтэй, бодит байдалд нийцсэн байхаас гадна хямралын хүнд хэцүү нөхцөлд ч бизнесийн өсөлт, хөгжлийг орхигдуулаагүй байх нь чухал.

 

Санхүүгийн байгууллагууд бизнесийн шинжилгээ хийхдээ ямар хугацаанд төвлөрч, юунд илүү анхаарах вэ ?

Өнгөрсөн хугацаан дахь бизнесийн төлөвт шинжилгээ хийх нь. Ямар зорилгоор? Хямралын өмнөх үеийн бизнесийн хөгжлийг шинжлэх нь хямралын өмнөх нөхцөл байдал, өөрчлөлт,  бизнес эрхлэгчийн хариу алхмуудыг ойлгоход тустай. Хямралаас хойш бизнесийн орлого, ашиг ихээхэн буурч, хөрвөх чадвар алдагдах зэрэг өөр бусад сөрөг хандлага ажиглагдсан бол тухайн бизнес эрхлэгч арга хэмжээ огт аваагүй эсвэл хангалттай авч чадаагүйг харуулж байж болно. Энэ тохиолдолд бизнес эрхлэгч/удирдлагын асуудал өөрөө аяндаа шийдэгдэнэ гэсэн идэвхигүй хандлага цаашид ч үргэлжлэх магадлалтай тул уг бизнесийг санхүүжүүлэх эсвэл хамтран ажиллах нь санхүүгийн байгууллагуудын хувьд өндөр эрсдэлтэй.

Нөгөөтэйгүүр, өмнө нь эдийн засийн хямралтай тулгарч, даван гарч чадсан бизнест шинжилгээ хийх тохиолдолд  хямралыг хэрхэн даван гарсныг нь судлах хэрэгтэй. Ингэхдээ уг бизнесийн нягтлан бодох бүртгэлийг нарийвчлан авч судлах шаардлагагүй, бизнес эрхлэгч (удирдлага)-тэй ярилцан, хямралын үед бизнесээ хумьж, зардлаа танаж байсан эсэхийг асууж, хүнд нөхцөл байдлаас хэрхэн гарсныг нь тодруулан одоогийн нөхцөлтэй нь харьцуулж үзэхэд хангалттай.

Бизнесийн өнөөгийн төлөвт шинжилгээ хийх нь. Дараах асуултуудад хариулт авахыг хичээгээрэй:

  • Уг бизнес одоо байгаа өрийн дарамтаа давж гарч чадах уу? Одоо байгаа зээлээ хэр удаан хугацаанд эргэн төлөх вэ? Шаардлагатай нөөцийг хаанаас олох вэ? Яагаад нэмэлт санхүүжилт шаардлагатай болов?
  • Тухайн харилцагч зээлээс хэр их хамааралтай байна вэ?
  • Бизнесийн өнөөгийн нөхцөл байдлыг авч үзэхэд харилцагчид нэмэлт өрийн дарамтыг давах чадвар ажиглагдаж байна уу?

Хэрэв тухайн бизнесийн хувьд оршин тогтнох төдийд л зээл шаардагдаж, “хүлээлтийн байдал”-д орсон юм уу эсвэл ирээдүйн сөрөг чиг хандлага ажиглагдсан бол санхүүжилт олгох нь өндөр эрсдэлтэй. Ямар ч тохиолдолд нэмэлт санхүүжилт олгосноор бизнесийн өнөөгийн нөхцөл байдал хүндрэх ёсгүй.

Хямралын тодорхой бус нөхцөлд бизнесийн ирээдүйн чиг хандлагад хийх шинжилгээ нь бизнесийн өнөөгийн байдал болон харилцагчийн хямралыг давах төлөвлөгөөнд төвлөрөх нь зүйтэй. Бизнесийн шинжилгээ нь харилцагчийн зах зээл, улс орны эдийн засгийн ерөнхий хандлагыг авч үзсэний үндсэн дээр тухайн харилцагчийн төлөвлөгөөг үнэлэхийн сацуу уг төлөвлөгөө нь эдгээр хандлагуудад (борлуулалт, орлого, зардлын төлөвлөгөөгөө биелүүлэх магадлал) хэр нийцэж буйг тодорхойлоход оршино. Хэрэв харилцагч нь бизнесийн үйл явцуудаа сайжруулах, үр ашиггүй төслүүдээ зогсоох, ач холбогдолтой, одоогийн нөхцөлд эрэлттэй байгаа бүтээгдэхүүндээ төвлөрөх алмхуудыг хийснээс гадна ирээдүйд бизнесээ хөгжүүлэх алсын хараатай (дор хаяж тодорхой хугацаанд), өөрийн зээлдэгчидтэйгээ хамтран ажилладаг, хөрвөх чадварын болон эргэлтийн хөрөнгийг зохих түвшинд барихыг хичээдэг бол зээл олгоход эрсдэл бага байна.

Хямралын үед бизнесийн шинжилгээ хийхэд тухайн бизнесийн богино хугацааны тактик, арга хэмжээнээс гадна нөхцөл байдлыг хяналтанд байлгах, хямралыг даван туулах стратегийг нь үнэлэх нь чухал. Мөн түүнчлэн, хэвийн үед бизнесийн гүйцэтгэлийг үнэлэхэд ашигладаг санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх шаардлагатай бөгөөд эдгээрт дараах зүйлс орно. Үүнд: 

  • хөрөнгө, дансны өглөг, авлага, эргэлтийн хөрөнгийн бүтэц гэх мэт санхүүгийн байдлын тайлангийн үзүүлэлтүүд;
  • орлогын бүтэц, ашигт ажиллагаа, ашгийн чиг хандлага;
  • бизнесийн хөрвөх чадвар болон аюулгүй байдлын маржин;

Компанийн санхүүгийн тайлангуудад шинжилгээ хийж, удирдлагын нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг цуглуулах нь:  

Компанийн бизнесээ санхүүжүүлэхэд ашигладаг санхүүжилтийн эх үүсвэрүүдийг  (бизнес эзэмшигчийн хөрөнгө, урт болон богино хугацааны зээлүүд) судлах хэрэгтэй. Мөн түүнчлэн, өрийн бүтцийг судалснаар тухайн бизнест санхүүгийн тогтворгүй байдал үүсэх болсон шалтгааныг ойлгох боломжтой болно. Тухайлбал, санхүүгийн байдлын тайланд өрийн эзлэх хувь өндөр (талаас илүү) байгаа нь тухайн бизнес зээлдүүлэгчдээс хэт хамааралтай болохыг харуулна. 

Дансны өглөг болон авлагын өсөлтийн хурд болон харьцаанд нь мөн анхаарал хандуулах нь чухал. Өглөг болон авлагын өсөлтийн түвшин ойролцоо байх ёстой.

Шинжилгээ хийж буй хугацаанд алдагдалтай байсан эсэхийг санхүүгийн тайлангуудаас шалгах нь зүйтэй. Дундаж маржин, хугацаа хэтэрсэн зээл, дансны авлага болон өглөгт өөрчлөлт гарсан байж болох юм.

Бизнесийн богино болон дунд хугацааны хөрвөх чадвар болон ашигт ажиллагааны түвшинг үнэлэх хэрэгтэй. Хямралын үед дунд хугацааны мөнгөн гүйлгээний төсөөлөл болон ашгийн түвшинг үнэлэхэд хүндрэлтэй байдаг боловч ирэх саруудын мөнгөн гүйлгээ болон ашгийн төсөөллийг гаргаж, эерэг болон сөрөг хувилбар (нөхцөл байдал тогтворжих эсвэл муудах)-уудыг бий болгох боломжтой. Хямрал, тодорхой бус байдалд санхүүгийн байгууллагын зээлийн мэргэжилтнүүд нь харилцагчиддаа тогтмол хяналт тавьж байх ёстой (хяналт тавих давтамж нь ердийн үеэс ихэнхдээ өндөр байна). Хяналтын зорилго нь мөнгөн гүйлгээ болон ашигт ажиллагааны төсөөллийг шалгаж, үнэлэх явдал юм. Хяналт тавьснаар зээлийн мэргэжилтэн нь нөхцөл байдал өөрчлөгдөхөд цаг алдалгүй хариу арга хэмжээ авах, санхүүгийн төсөөлөл, эргэн төлөлтийн хуваарь болон бусад зээлийн нөхцлүүдэд өөрчлөлт оруулах боломжийг бий болгодог.

Өнөөгийн хямралын үед санхүүгийн байгууллагууд нь өмнө нь гаргасан үнэлгээ, дүгнэлтүүдээ шинэчлэх нь зүйтэй. Тухайн бизнес уян хатан үйл ажиллагаа явуулж, санхүүгийн эх үүсвэрүүдээ ашиглан хямралын эсрэг арга хэмжээ авахын сацуу, бизнесийн үйл явц, төлөвлөгөөндөө зохих өөрчлөлтийг хийх замаар үйл ажиллагаагаа оновчтой болгон, тогтвортой байдлаа хангаж чадаж байвал зээлийн шинжээч нь бизнесийн шинжилгээ, дүгнэлт хийсний үндсэн дээр хүлээн зөвшөөрөгдөхүйц эрсдэлийн түвшинд зээл олгох шийдвэр гаргах боломжтой. Бизнесийн шинжилгээ хийхэд их хэмжээний ашиг олсон бизнестэй тэр болгон таарахгүй ч тухайн бизнес хямралын тодорхойгүй үеийг даван туулахад авсан арга хэмжээ, өөрчлөлтийн цар хүрээг тодорхойлж, бизнесийн ирээдүйн хөгжлийн боломжийг үнэлэх боломжтой. Ингэснээр хямралын болон хямралын дараах хугацаанд харилцагчдаа дэмжин ажиллах хамгийн сайн хувилбарыг бий болгох ач холбогдолтой.

 

[1] Дэлхийн Банк. 2020. “КОВИД-19 ба хүн капитал” Европ, Төв Азийн эдийн засгийн шинэчлэл (Намар), холбоос: https://openknowledge.worldbank.org/handle/10986/34518

Дэлхийн Банкны мэргэжилтнүүдийн дүгнэснээр өөдрөг хувилбараар авч үзэхэд, Төв Азийн бүс нутагт эдийн засгийн өсөлт 2021 онд 3.1 хувь хүрч сэргэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон гадаадын шууд хөрөнгө оруулалт бага зэрэг өсөх хандлагатай байна. Өөдрөг бус хувилбараар 2021 онд төсөөлснөөс сул гадаад эрэлт, өргөн хэрэглээний барааны үнэ зэрэг нь эдийн засгийн өсөлтийг 1.5 хувиас хэтрүүлэхээргүй байна.

[2] Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага КОВИД-19-ийн эсрэг бодлогын арга хэмжээ. КОВИД-19 хямралын эсрэг Төв Азийн бүс нутагт авсан арга хэмжээ, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар шинэчилсэн, https://www.oecd.org/coronavirus/policy-responses/covid-19-crisis-response-in-central-asia-5305f172/

Зургууд нь Фрипикийн дизайн болно.